Сум
 
Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын дүүрэг бүрт статистикийн хэлтэс, ажилтантай бөгөөд Монголын Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж нь билээ.
Нийслэлийн Статистикийн газар (НСГ) нь нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.
 
Статистикийн байгууллагын тогтолцоо

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Статистикийн товчоог байгуулсан.
Статистикийн тухай Монгол улсын хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар статистикийн алба нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон.   

Нийслэлийн статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар нийслэл хотын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг нийслэлЗасаг даргын Статистикийн газар, дүүргийн Засаг даргын Статистикийн хэлтсээс бүрдэнэ. Хороонд статистикийн үйл ажиллагааг хорооны Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна.
 
2014 оны байдлаар Нийслэлийн Статистикийн газарт 12, төвийн 6 дүүргийн статистикийн хэлтэст тус бүр 7, Багануур, Налайх дүүргийн статистикийн хэлтэст тус бүр 3, Багахангай дүүрэгт нэг статистикч, түүвэр судалгааны багт 34 хүн ажиллаж байна. 
 
Нийслэл, дүүргийн статистикийн алба нь сүүлийн үеийн компьютер, техник хэрэгсэл, технологийг ашиглаж, статистикийн ажилтныг эх орондоо болон АНУ, Австри, ХБНГУ, Тайланд, Турк, БНСУ, Энэтхэг, Япон зэрэг оронд нэгдсэн хөтөлбөрийн дагуу давтан сургадаг.

НСГ нь Yндэсний Статистикийн хорооны болон Нийслэлийн Засаг даргын удирдлаганд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнадаг. Нийслэлийн Статистикийн газрын үйл ажиллагаанд 1998 оноос эхлэн Үндэсний Статистикийн Хороо болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, удирдлагаас жил бүр “бүрэн хангалттай” үнэлгээг өгч байна. 

Статистикийн үйл ажиллагаа

Статистикийн тухай Монгол улсын хуулийн дагуу НСГ нь Нийслэлийн Засаг даргын статистикийн талаархи бүрэн эрхийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.
Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримталдаг: 
  • Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
  • Мэдээлэл үнэн, бодитой байх
  • Мэдээлэл шуурхай байх
  • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
  • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
  • Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга хэлбэрээр цуглуулах

Статистикийн мэдээллийн тогтолцоо

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 төрөл байна. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг.

Албан ёсны статистикийн мэдээлэл гэж Үндэсний Статистикийн Хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл юм.

Захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулан цуглуулж боловсруулдаг.

НСГ нь жилд долоо хоног, сар, улирал, жилийн давтамжтай албан ёсны статистикийн 80 төрлийн мэдээ тайлан, захиргааны статистикийн буюу нийслэлийн Засаг даргын албан хэрэгцээнд зориулж 15 төрлийн мэдээг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 40 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллагаас шууд болон 9 дүүргийн статистикийн хэлтсээр дамжуулан цуглуулдаг.

Статистикийн бүтээгдэхүүн

НСГ-аас долоо хоног бүрийн Лхагва гаригт нийслэл хотын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ажиглалтын дүнг, сар бүр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн танилцуулга, жилд “Нийслэл хот”, “Нэмүү өртөг” гэсэн танилцуулга, хотын хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн динамикийг бэлтгэн http://ubstat.mn вэб хуудсаар тархааж байна. Үүний зэрэгцээ жил бүр нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай тусгайлсан сэдвээр статистикийн судалгааг хийж, судалгааны үр дүнгийн танилцуулгыг статистикийн мэдээллийг хэрэглэгчид цахим болон хэвлэмэл байдлаар тархаадаг.
НСГ-аас жил бүр “Statistical Data” статистикийн нугалбар, “Улаанбаатар” статистикийн эмхэтгэлийг бэлтгэн боловсруулж байна. Эдгээр эмхэтгэлийг 2011 оноос эхлэн өөрийн вэб хуудсаар үнэ төлбөргүй тархаадаг болсон.

Нийслэлийн Статистикийн газар

Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Жигжиджавын гудамж -9, Бага тойруу 15160, "Хангарьд ордон" 10-р давхар, 1005 тоот
Телефоны дугаар: +(976)-11-324854, +(976)-11-327946
Факс: +(976)-11-322783
Вэб хаяг: www.ubstat.mn